contact@mongolcampus.mn 976-11-329466
   ENG
 




Доктор. Салах Ал Мазиди

Кувейтийн Шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгийн ахлах зөвлөх
Илтгэлийн нэр:
Үндэстний экосистем болон мэдлэгийн эдийн засгийг сайжруулах Кувейтийн хөгжлийн төлөвлөгөөнд зориулсан удирдамж

Мэргэжлийн туршлага:

Кувейтийн Шинжлэх ухаан судалгааны хүрээлэнгийн ахлах зөвлөх, Хувьчлалын дээд зөвлөлийн гишүүнээр томилогдсон. Байгаль орчны инженерчлэлээр АНУ-ын Соутэрн Калифорниа их сургуулийг 1977 онд бакалавр зэрэгтэй төгссөн. 1999 онд Их Британий Порцмоут их сургуульд “Cудалгаа ба хөгжүүлэлт (R&D) бодлого, технологийн менежмент” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Тэрээр 30 жилийн ажлын туршлагатай бөгөөд Шинжлэх ухаан, технологийн салбарт хэд хэдэн судалгаа, өгүүллэг бичсэн.

- Үндэстний болон олон улсын Шинжлэх ухаан - технологийн бодлого, судалгаа ба хөгжүүлэлт (R&D) технологи

- Шинжлэх ухааны паркийн менежментийн хандлага болон хөгжил

- Инноваци, энтерпренёр, Мэдлэгийн эдийн засгийн менежмент

- Стратеги, үйл ажиллагаа, байгууллага болон програм төлөвлөлт

- Мэдлэгийн менежментийн хэрэгжилт, бизнес хөгжил болон маркетинг

 

Тэрээр давхар хэд хэдэн нийгэмлэгт судалгаа, захиргааны албанд ажилладаг.

- Кувейтийн Шинжлэх ухаан технологийн паркийн зөвлөх

- Инноваци болон шинийг сэтгэх нийгэмлэгийн дарга

- Кувейтийн шинжлэх ухаан, судалгааны институтын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн тэргүүн

- Кувейтийн шинжлэх ухаан, судалгааны институтын Бизнес хөгжлийн хэлтсийн дарга

- Кувейт улс болон Байгаль орчныг хамгаалах яамны Байгаль орчны стратегийн төлөвлөлтийг бэлтгэх нийгэмлэгт зөвлөх

 

Шагнал:

Тэрээр Лондонгийн Эдийн засгийн сургуулийн улс төрийн шинжлэх ухааны тэтгэлэг болон Инноваци, Мэдлэгийн Эдийн Засгийн шагнал хүртсэн.

 

Илтгэлийн хураангуй:

Кувейтийн Стратеги Хөгжлийн Төлөвлөгөөг 2010 онд баталснаар баялагт /газрын тос/ суурилсан эдийн засгаас мэдлэгт суурилсан эдийн засагт хүрэх урт хугацааны шилжилтийн явцад чухал алхам болсон юм. Шинжлэх ухааны салбарыг бэхжүүлэх явдал нь Кувейтийн эдийн засаг, нийгмийн бүтэц болон инновацийн чадавхийг бий болгоход зайлшгүй шаардлагатайгаас гадна хүний нөөцийн хөгжил, чадавхийг бүрэн гүйцэд ашиглах, зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан шинэ мэдлэгийг бүтээх, хувийн сектор болон академик салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Энэхүү цогц бодлогыг хэрэгжүүлэхийн тулд бодлого боловсруулагчид нь эдгээр асуудлыг үйл ажиллагааныхаа эн тэргүүний зорилт болгохоос гадна авах арга хэмжээг тодорхойлох, эрэмбэ дарааллыг нь зөв тогтоох шаардлагатай. Одоогоор энэхүү Хөгжлийн Төлөвлөгөө хэрэгжиж байгаа хэдий ч, зайлшгүй шаардагдах хүчин зүйлүүдээ зөв тодорхойлох, эдийн засгийн шилжилт, үндэстний онцлог байдалтай хэрхэн уялдуулах тал дээр учир дутагдалтай байна.

Миний бие өөрийн ажлын хэсэгтэйгээ хамтран нэгэн төсөл санаачилан Төлөвлөлт хөгжлийн  дээд зөвлөлийн ерөнхий албаар батлуулаад ажиллаж байна. Энэ төслийн гол зорилго нь төр засгийн мэргэжилтнүүд, бодлого гаргагчдын зүгээс гаргаж буй төлөвлөгөөг боловсруулах, үнэлэлт дүгнэлт хийх, Стратеги Хөгжлийн Төлөвлөгөөнд тусгах, тавьсан зорилтдоо хэрхэн хүрэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд туслах, гарын авлага, мөрдлөг бий болгох зэрэгт чиглэгдэх юм. Түүнчлэн, Кувейтийн инновацийн хүчин чадлыг сайжруулах ажилд түлхэц болох “Үндэстний Инновацийн Экосистем”-ийг цогцоор нь бий болгоход зорьж байгаа болно. Төслийн дараагийн зорилт бол олон улсын туршлагыг Кувейт Улсад нэвтрүүлэн дотоодын мэргэжилтнүүдийг төлөвлөлт, задлан шинжилгээ хийх, мэдлэгийн эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх зэрэгт сургах, ингэснээр манай үндэстний хүний нөөцийн чадамжийг дээшлүүлэх юм.

Энэхүү төсөл нь цаашид Кувейтийн хөгжлийн төлөвлөгөөнд зөвлөмж болох, бодлого гаргах зэрэг ажлуудад тоон болон чанарын удирдамж болох болно. Түүнчлэн тулгамдаж байгаа болон зайлшгүй хэрэгжүүлэх зорилтуудыг биелүүлэх зорилгоор мэргэжилтнүүдэд бодлогоо зөв тодорхойлоход нь  хэрэгтэй дэс дараалсан задлан шинжилгээний арга замыг зааж өгнө. Эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлснээр гарах үр дүн нь цаашдын бодлогоо зөв тодорхойлоход чухал нэмэртэй юм. Ингэснээр мэргэжилтнүүд нь хэрэгжүүлж байгаа төслүүд болон бодлогуудаа зөв хослуулан, өөрчлөлт шинэчлэлийн бодлогоо алдаа мадаг гаргалгүйгээр хэрэгжүүлэх болно. Төслөөр хэрэгжүүлэх боломжит зорилтуудыг дурьдвал, эрдэм шинжилгээ болон хувийн секторын харилцааны загварыг бий болгох, Шинжлэх ухааны паркийн үүрэг, хэлбэрийг тодорхойлох, зах зээлд нэвтрүүлэх бодлогыг болон тогтвортой хөгжлийн арга замуудыг тодорхойлоход оршино.

Төслөөс гарах боломжит үр дүн нь Кувейт Улсад инновацийн экосистемийг хөгжүүлэх болон мэдлэгийн эдийн засаг руу шилжих шилжилтийн явцад олон чухал нөлөө үзүүлэх юм. Мөн шинэ тутам байгуулагдаж  байгаа олон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг болох учраас Кувейт Улсад үүсч буй  мэдлэгийн экосистемийг өргөжүүлэх, инновацийн нөхцлийг дээшлүүлэх бололцоог бий болгоно. Ингэснээр хөгжлийн чиг баримжаа, энтерпренёр чадамж болон хууль эрх зүйн орчныг сайжруулан дотоодын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр  болно. Төслийн нөлөөгөөр инновацийн хэрэгжилт сайжирч, ирээдүйгээ зөв мэдрэн, хөгжлийн хандлагаа тодорхойлох боломж нээгдэнэ. Төслийн ашиг шимийг хүртэх субьектууд нь төрийн бодлого, хувийн сектор, удирдах байгууллага болон Шинжлэх ухаан технологийн салбарууд байх болно.

 

Зохион байгуулагчид

The first international symposium
Science, technology, innovation, ecosystem